Нийтийн байр уу, нийтийн бие засах газар уу

2013-05-12 23:36 | 70 сэтгэгдэл

-Баянгол дүүрэгт байрлах нийтийн байруудыг цэгцэлнэ-

Орон нутгаас нийслэлийг чиглэсэн их нүүдэл Улаанбаатар хотыг даруй сая гаруй хүнтэй болгочихсон.

Үүн дээр хөдөөгийн оюутнууд нэмэгдэхээр Монголын хүн амын ихэнх нь нийслэлд амьдарч байгаа юм. Тэдний ихэнх нь өөрийн гэсэн байр, хашаа байшин байдаггүй учраас хөлсний байранд амьдрах нь элбэг. Үүнийг мэдсэн зарим нэгэн нь өмчилж авсан 0.7 га газартаа ямар ч зай талбай үлдээлгүй байшин нэртэй амбаар босгож, түүнийгээ хөлслүүлэх болсон. Барилгын ямар ч стандартыг дагаж мөрдөхгүйгээр хэн дуртай нь юугаар ч, яаж барьсан байж мэдэх  нийтийн байруудад олон хүн толгой хоргодож байна. Цахилгааны замбараагүй хэрэглээ, гэмтлээс болж өнгөрсөн жилүүдэд олон нийтийн байр шатаж, оршин суугчид нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон.

Харин энэхүү чанаргүй нийтийн байруудыг цэгцлэхээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран өнгөрсөн баасан  гарагт Гандантэгчэнлин хийд орчмын нийтийн байруудад шалгалт хийлээ. Уг шалгалтын талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлстийн  хошууч Б.Сүхбаатараас зарим зүйлийг талаар тодруулсан юм.

Тэрбээр “Баянгол дүүрэг бусад дүүргүүдээ бодвол гэр хороолол бага, орон сууцны хороолол ихтэй. Тэр дундаа түрээсийн буюу нийтийн байр маш олон. Жишээлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 200 гаруй нийтийн байр бүртгэгдсэн. Үүнийг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийтийн байртай харьцуулбал ихэнх нь Баянгол дүүрэгт байгаа юм. Баянгол дүүрэг 23 хороотой, үүний наймд нь нийтийн байр байгаа” хэмээв.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад жилийн жилд шалгалт хийхэд галын аюулгүй байдал маш ихээр зөрчигдсөн байдаг нь илэрдэг аж. Иймээс тэд өдөрлөг зохион байгуулж, шалгалт хийх сарын аян зохион байгуулж байгаа нь энэ ажээ.

Тэд эхний ээлжинд Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Гандангийн гэр хороолол дунд байрлах нийтийн байруудад шалгалт хийсэн бөгөөд манай сонины сурвалжлах баг тэдэнтэй цуг явсан юм. Нийслэлийн онцгой байдлын алба хаагч болон бусад албаны хүмүүсээр удирдуулсан шалгалтын баг тус хорооны 10 дугаар гудамжинд байрлах н.Өлзий гэгч эзэнтэй нийтийн байранд шалгалт очлоо.

Гаднаас нь харахад мансардтай гурван давхар энэ нийтийн байрны үүдэнд жорлон юм уу, аль эсвэл муу усны нүх байгаад дүүрэхээр нь шороогоор булсан нь доошоо цөмөрчээ. Тэрхүү цөмөрсөн нүхэнд түрээслэгчид хог хаягдлаа хийсэн нь нийтийн байрны үүдэнд жижиг хэмжээний хогийн цэгийг бий болгосон байв. Мэдээж бүхий л төрлийн хог хаягдал байгаа учраас ямархуу үнэр танартай байх нь ойлгомжтой.

Дотогш орвол үүдэндээ нийтийн жорлонтой. Жорлонгийн үнэр нэг давхрын коридороос гурван давхар хүртлээ үнэртэх аж. Жорлонгийн хаалгыг татаж харвал, хэрэглэсэн 00-ын цаас хаа сайгүй хөглөрч, өтгөн шингэн ил шахуу харагдана. Коридор нь ямар ч цонхгүй хэрнээ гэрэлтүүлгийн ганц ч чийдэн алга. Мөн хоёр, гурван давхар руу гарах шатыг модоор хийсэн бөгөөд гишгүүр хоорондын зай нь маш өндөр байсан учраас шалгалт хийж байсан албан хаагч золтой л таварцаглаад уначихсангүй. Тус нийтийн байрны эзэнтэй уулзах гэсэн боловч эзгүй байв. Харин нэгэн түрээслэгчтэй уулзахад “Энэ өрөөгөө сарын 130 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Хүний байранд гуйж шахуу сууж байгаа болохоор юу хэлэх билээ” гэв. Түүний хөлсөлж буй өрөө нь маш жижигхэн ердөө л хоёрхон метр квадрат бөгөөд ганц, хоёр тавилга тавиад л хөл гишгэх зайгүй шахам байх аж.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Б.Сүхбаатар “Энэ нийтийн байранд орчны бохирдол маш их байна. Мөн цахилгааны  аюулгүй байдал алдагдсан. Ер нь энд амьдарч байгаа хүмүүс ямар нэгэн халдварт өвчин тусахгүй гэсэн баталгаа алга. Түүнчлэн шатны гишгүүр нь хэт өндөр учраас хүн бэртэхэд тун ойрхон, ялангуяа бага насны хүүхдүүд орж гарахад хэцүү байдалтай байна” гээд “Аливаа барилгын шатны гишгүүрийн өндөр 120 см-ээс багагүй байх ёстой. Мөн шатдаггүй материалаар хийдэг.

Гэтэл энэ нийтийн байрын шат маш нарийхан, дээрээс нь модоор хийсэн байна” гэв. Мөн тэрбээр гадагш гарч стандарт алдагдсан зүйлсийн талаар тайлбарласан юм. Түүний хэлснээр гудамжны өргөн байх ёстой хэмжээнээс нарийхан байгааг дурьдаад “Гудамжны өргөн зургаан метрээс доошгүй байх ёстой. Гэтэл энэ гудамж дөрвөн метр ч хүрэхгүй байна. Мөн гэр, байшин хоорондын зай таван метр байдаг ч энэ гудамжны айлуудын гэр, байшингийн хоорондох зай хоёр метр ч хүрэхгүй байна. Өнгөрсөн 1970-1980-аад оны үед айлууд гудамжаараа шатсан тохиолдол гарч байсан. Айлуудын гэр, байшин ийм ойр байх нь гал, усны аюул гарвал маш аюултай. Хэрвээ гал гарсан нөхцөлд унтраах ямар ч боломжгүй байдаг” гэсэн юм.

Энэхүү гудамжинд байрлах нийтийн байрнаас гарч дараагийн нийтийн байр руу явлаа. Тус хорооны Туулын 15 дугаар гудамжинд нэлээд хэдэн нийтийн байр байрлах бөгөөд хоёр, гурван нийтийн байр шинээр баригдаж ашиглалтад оржээ. Энэ гудамжинд байрлах эхний нийтийн байр руу ороход түрээслэгч, түрээслүүлэгчдийн аль нь ч байсангүй. Харин байгаа зүйл нь нөгөө л орчны бохирдол, жорлон, чийгний үнэр. Таазнаас дусаал дуссан бололтой өнгөлгөөний хавтан нь хэлбэрээ алдан хорчийж хатсан нь нар, сар гэрэлтэхээр болжээ. Нийтийн байранд шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр чийг маш их байгаа учраас мөөгөнцөртсөн.

Мөн инженерийн тооцоо огт алга гэнэ. Ерөнхийдөө жаахан доргилт өгвөл нурахад бэлэн байна хэмээн энэ нийтийн байрыг тодотголоо. Тус байрны яг урд талд бас нэгэн нийтийн байр саяхан ашиглалтад оржээ. Онцгой байдлын хэлтсийн ажилтан “Шатамхай материалаар барьсан байна. Яндангаас үч үсрэхэд л гал авалцах аюултай” гэв.  Байр руу орвол жорлонгийн нүх рүү муу ус хийж цэлийтэл дүүргэсэн байв. Мэдээж энэ нь орчны бохирдол үүсгэх гол шалтгаан болох учраас таглах арга хэмжээ ав гэж эзэнд нь сануулсан юм.

Ингээд тус байрыг түрээсэлдэг оюутан залуутай уулзлаа.

-Энэ өрөөндөө хэзээ орсон бэ. Өрөөгөө хэдээр түрээсэлдэг вэ?
-Өнгөрсөн аравдугаар сард орсон. Өвөл нэг сарын төлбөр нь 150 мянган төгрөг байсан. Одоо 130 мянгыг төлж байгаа.

-130 мянган төгрөгт цахилгааны мөнгө ордог уу?
-Үгүй. Цахилгааны төлбөрөө тусдаа төлдөг.

Тэрбээр ийн ярьсан юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нийтдээ 50 гаруй дотуур байр байдаг бөгөөд дөрвөөс доош өрөөтэй нийтийн байруудыг оролцуулбал энэ тоо нэмэгдэх гэнэ. Ингээд бид хамт шалгалтаар явсан Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагаас нийтийн байруудын хэд нь зөвшөөрөлтэй, ямар нэгэн татвар төлдөг эсэхийг тодрууллаа.

П.Цэцэгмаа: НИЙТИЙН БАЙРУУДЫГ ИРЭХ САРД ЭМХ ЦЭГЦЭНД ОРУУЛНА

-Баянгол дүүрэгт нийтийн байр барьж үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авсан хувь хүн, аж ахуйн нэгж байдаг уу. Аль эсвэл бүгд зөвшөөрөлгүй юу?
-Бид он гараад 16 дугаар хороон дээр тусгайлан судалгаа хийсэн. Тодруулбал нийтийн байрны хэрэгцээ үнэхээр их байна уу, хорооны иргэдэд тусламж хэрэгтэй байна уу, нийтийн эрх ашиг нь хаана байна гэдэг дээр судалгаа хийсэн. Энэ хороонд 1800 гаруй өрх айл, 7800 гаруй иргэн амьдардаг.

Үүнийг нарийвчлан албан бус тоо гаргавал хэдэн  мянгаар тоологддог. Ийм учраас эрүүл ахуйн тал дээр нь анхаарах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хороонд дөрвөөс дээш өрөөтэй 50-иад айл өрх нийтийн байр түрээслүүлэх бизнес эрхэлдэг. Гэтэл нэг нь ч манайд бүртгэлгүй, албан ёсны зөвшөөрөлгүй, татвар төлдөггүй, орчныхоо аюулгүй байдалд санаа зовдоггүй учраас бид өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн судалгаа, дүгнэлт хийж  эхэлсэн.

-Өнөөдрөөс шалгалт хийж эхэлж байгаа юм байна. Шалгалт хэзээ дуусаж, зөрчилтэй нийтийн байруудад арга хэмжээ авах вэ?
-Өнөөдрийн арга хэмжээнд онцгойгийнхон, мэргэжлийн хяналтынхан, дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан гээд маш олон хүн ажиллаж байна. Бид үүнийг ирэх зургаадугаар сар гэхэд эмх цэгцэнд нь оруулж, аль нь цаашаа үйл ажиллагаа явуулах ёстой юм, алийг нь хааж иргэдээ хамгаалах ёстой вэ гэдэг дээр шийдвэрээ гаргана.

Ийнхүү ч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байруудын зөвхөн хоёр, гурваар нь ороход маш их зөрчил илэрлээ. Ямар ч зөвшөөрөлгүйгээр, хувиараа байшин нэртэй амбаар барьж, өч төчнөөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролд хариуцлага үүрэхгүйгээр бизнес хийж байгаа хүмүүс нийслэлд олон байгааг дээр өгүүлсэн. Өрөө бүрээ сарын 130-150 мянган төгрөгөөр хөлслүүлдэг хэрнээ оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж чадахгүй эдгээр хувь хүмүүст ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.

Эх сурвалж: ipost.mn


Энэ мэдээг фэйсбүүкдэх групп болон найзууддаа нэгэн зэрэг түгээх бол доорхи "SEND" товчийг ашиглана уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоос агуулсан сэтгэгдэл нэмэгдэхгүй болохыг анхаарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dorgio.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-4747 утсаар авах болон сэтгэгдэлийн доор байрлах "сэтгэгдэлийг устгах" хэсэгт хандана уу.
:) :( :-P :-D :-O ;-) 8-) 8-| >:( :-/ :(( 3:) O:) :-* <3 ^_^ -_- o.O O.o >:O :v :|] :like